Friday, April 9, 2010

Эль-Класико

Ла Лигийн энэ улирлын шийдвэрлэх гэж хэлж болохоор тоглолт УБ-ын цагаар Ням гаригийн шөнийн 4:00 цагаас Мадридийн Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд болно. Одоогоор Ла Лигийг адилхан оноотой тэргүүлж байгаа Барселона – Реал Мадрид багууд тоглох бөгөөд хөлбөмбөг сонирхогчдын анхаарал энэ тоглолт руу бүрэн чиглэж байгаа юм. Ла лигийн дүрмээр багуудын оноо тэнцвэл хоорондын 2 тоглолтын дүнг хардаг тул энэ удаагийн “Эль-Класико” бараг л аваргын төлөө тоглолт болов уу. Лео Месси сүүлийн 10 тоглолтондоо 15 гоол, энэ долоо хоногт Аваргуудын лигт Арсеналын хаалганд покер хийгээд байгаа бөгөөд түүний ид шид Реалтай хийх тоглолтонд үргэлжлэх эсэх нь сонирхолтой хэрэг. Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Криштиану Роналду зөвхөн Мессиг зогсоох тухай бодвол, мөн энэ тоглолт зөвхөн Месси – Роналдугийн хоорондын тоглолт гэж бодвол энэ нь алдаа болно, энэ бол багийн спорт гэж. “Месси гайхамшигтай улирлыг өнгөрөөж байна. Тэр үнэхээр сайн формтой байгаа. Мессиг би дахин олон гоол хийнэ гэдэгт итгэлтэй байдаг, гэхдээ Бямба гаригт бол үгүй. Бямба гаригийн тоглолтонд тэрээр дахин 4 гоол хийнэ гэж би бодохгүй байна, гэхдээ боломжгүй зүйл байхгүй л дээ. Месси үнэхээр агуу, гэхдээ түүний дасгалжуулагч болон багийн хамтран тоглогчид нь ч бас үнэхээр сайн. Манай баг бол Ла лигийн шилдэг баг. Сайн баг нь ялагч болдог бол тэр нь Реал Мадрид байх болно. Энэ удаагийн тоглолт бол өнгөрсөн жилийн 6:2-оор дууссан тоглолтын өшөөг авах тоглолт биш. Бидэнд тийм бодол алга. Реал тэр үеэс өөрчлөгдсөн. Бид хожих эрмэлзлэл дүүрэн байна” гэж Роналду хэлжээ. Роналду энэ улиралд 21 тоглолт хийж 18 гоол хийгээд байгаа. Реал сүүлийн 12 лигийн тоглолтондоо дараалан хожсон, мөн талбай дээрээ 15 тоглож, 15 хожсон зэрэг маш сайн формтой байгаа. Мөн лигтээ 83 гоол хийгээд байгаа нь Барсагаас 8-аар илүү юм. Гэхдээ өнгөрсөн улиралд ч Реал Барсатай тоглохын өмнөх 18 тоглолтынхоо 17-д нь хожиж, 1 тэнцээд байв. Гэвч талбай дээрээ Барсад 6:2-оор хожигдож байсан удаатай. Игуйан ч Роналдутай адилхан зүйл хэлж. “Өнгөрсөн жилийнхээс одоо огт өөр. Шинэ дасгалжуулагч, шинэ тоглогчидтой болсон. Сайн формтой байгаа, дараалсан хожлууд бидэнд маш их итгэл өгч байгаа. Энэ чухал тоглолт боловч бүгдийг шийдэх тоглолт бол биш. “Эль-Класико”-д хожвол дагаад мораль маш их өснө. Гэхдээ цаана нь дахиад 21 онооны тоглолтууд үлдэнэ” гэсэн байна. Игуайн одоогоор лигтээ 24 гоол хийгээд байгаа нь Мессигээс ердөө 2-оор л дутуу. Реалтай харьцуулахад Барса давхар фронтод тоглож байгаа, ядралт болон бэртэл гэмтэл нэлээн их байгаа юм. Златан Ибрахимович, Херард Пике нар гэмтлийн улмаас тоглох эсэх нь тодорхойгүй бол Абидаль тоглохгүй нь тодорхой. Реалаас Кака тоглохгүй байж магадгүй нь. Ямар ч байсан бэлтгэлд гараагүй байгаа гэсэн. Барса домогт Иохан Круйффийг багийнхаа хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилсөн ёслолын арга хэмжээ өнөөдөр зохион байгуулсан. Круйфф 1973-78 онуудад Барсагийн тоглогч, 1988-96 онд Барсагийн дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Дасгалжуулагчаар ажиллаж байхдаа лигтээ 4 түрүүлж, мөн Европын аваргуудын цомыг анх удаа авч “Мөрөөдлийн” гэж нэрлэгддэг багийг бий болгосон хүн юм. Барсагийн тоглолтын хэв маяг Круйффтой шууд холбоотой.

No comments: